О.Энхмаа
2018-06-08 13:58

Энэ зуны амралтаараа заавал унших 10 ном

Зун бол тэр чигтээ амралт бус завгүй хэмнэлээ эвдэн бусдаас нэг шатаар ахих боломжийг авчирдагаараанэн таатай билээ. Энэ үеийг ашиглан зурагтын удирдлага, ухаалаг төхөөрөмжүүдээс түр ч болов холдон өөртөө цаг зав гаргаарай.
Амралт зугаалгын гэгддэг эдгээр өдрүүдэд гэрийнхээ хаяанд, эсвэл холгүй орших модны сүүдэрт, аль эсвэл бүр түргэн урсгалт голын хөвөөнд, тасралтгүй бороо орсон уйтгартай саарал өдрүүдэд дуртай номоо бариад суух нь танд яах аргагүй шинэ мэдрэмжийг өгч сайхан амралт болж чаддаг билээ. Иймд та бүхэндээ зориулан амралтаараа унших 10 номыг танилцуулж байна.

1. ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ ХӨНГӨН ОРШИХУЙ

Хамгийн эхний танилцуулах ном бол хүн төрөлхтөний мөнхийн сэдэв болох “Хайр”-ын тухай ном юм. Орчин цагийн утга зохиолын хамгийн зартай, сонирхолтой туурвилын нэг уг романы Томас, Тереза хоёрын хайр дурлалыг үгийн урлаг дахь хамгийн сэтгэл хөдөлгөм, сэтгэл өвтгөм дурлалт хосууд хэмээн олон уншигч санал нэгддэг нь санамсаргүй хэрэг бус юм. Зохиолч Милан Кундерагийн оршихуйн олон талт баялаг эргэцүүлэл, содон сэтгэлгээ, зохиолын жигтэй бүтэц, сонирхолтой дүрүүд, урсгал яруу хэл найруулгатай хослохоор Тереза, Томас, Сабина, Франц гэсэн дүрийн хоршлууд, тэдний хоорондын харилцаа, хайр дурлал заримдаа үнэхээр алмайрмаар адал сонин, эсвэл туйлын хоржоон егөөтэй, үгүй бол сэтгэл шаналгам хүнд, эсвээс уяран догдолмоор сайхан зэрэг олон мэдрэмжийг таньд төрүүлнэ.

2. 1Q84

Унших ном болгон тань бүхнийг заасан сургаалийн шинж чанартай байж болохгүй шүү дээ. Амарч зугаалангаа уран зохиолын ном унших нь хамгийн сайхан амралт болно. Тиймээс Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт “1Q84” цуврал романыг танд санал болгож байна.
Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэсэн хэмээдэг бөгөөд үүнээс гадна өөрт нь ихээр нөлөөлсөн кино, хөгжим, утга зохиолоос иш татаж, зохиолдоо шигтгэж өгснөөр уншихад энгийн ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж, төсөөлөхүй дагуулсан онцлог бүтээл болж чадсан хэмээн уншигчид дүгнэдэг билээ.

3. АННА КАРЕНИНА

Зуныг хайрын сэдэвтэй роман, зохиолгүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэлэлт, нууц дурлалын түүхийг уг номонд өгүүлнэ.
Аннагийн бүх зүйл бүтэмжтэй, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд бүх зүйл байх боловч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа.

4. МААНАГ

1868 онд бичигдсэн боловч өдгөө хүртэл хүн төрөлхтөн шимтэн уншсаар бүтээл бол Оросын нэрт зохиолч Достоевскийн “Маанаг” хэмээх энэхүү бүтээл билээ. Ганцхан зун ч гэлтгүй таны заавал унших номын жагсаалт байх ёстой энэхүү бүтээлдээ зохиолч төгс хүний дүр бүтээх зорилго тавьсан гэдгээ өөрийн захидалдаа дурдсан байдаг. Харин хаанаас тийм хүнийг “төрүүлэх” билээ? Гажиж эвдэрсэн энэ нийгэмд тийм хүн төлөвшин бий болж чадах уу?

5. 1984

"Мянга есөн зуун наян дөрөв" бол хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлсэн, зөгнөлт роман юм.Энэхүү зохиолд дүрсэлснээр суртал ухуулга явуулсныхаа үрээр тухайн улс бүх иргэнийхээ амьдрал ахуй болоод бодол санаанд бүрэн хяналт тогтоогоод зогсохгүй, тэднийг өөрсдийнхөө бодлогын үүднээс л үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох арга журмыг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн утга зохиолд хэзээ ч хөндөгдөөгүй, ийм нарийн ширийн задлан дүгнэгдээгүй сэдэв юм. Иймээс энэхүү сонирхолтой зөгнөлт зохиолыг танд санал болгож байна.

6. ЯСАН ХОТ

Өсвөр насныхны хайр дурлал, ээж охины харилцаанд тулгарч буй олон бэрхшээлтэй асуудлын тухай адал явдал уран зөгнөлт үйл явдлаар дамжуулан өгүүлэх энэхүү цуврал бол ахлах сургуулийн сурагчдын зуны амралтаараа унших номын жагсаалтад зүй ёсоор багтаж болох юм.

7. Бурханд хэлэх зөвлөгөө

Яруу найраг гэдэг бол орчлон ертөнцийн харагдаж байгаа гоо сайхныг байгаагаар нь хэлэхийн нэр биш юм. Хэрэв тийм байсан бол яруу найраг энэ дэлхийн хамгийн уйтгартай зүйл байхсан. Гэвч амьдрал дээр Б.Галсансүх шиг модернистууд үе үе цөөн тоогоор төрж, гоо сайхны ерөнхий ойлголтонд автаж, хайрцаглагдсан хүмүүст сэтгэлгээний эрх чөлөөг олгодог нь сайн хэрэг. Таньд санал болгож буй энэхүү яруу найргийн түүвэр бүтээлд түүний идэр залуугаасаа хойш бичсэн ихэнх шүлгүүд цөм багтсан байгаа. Ганцхан энэ ном таныг хорвоо ертөнцийн талаар олон зуун өөр өнцгөөр харах боломж олгож, сэтгэл оюуныг тань цэнгүүлнэ. Тэгэхдээ магадгүй өвтгөж ч мэдэх юм. Хэрэв та энэ номыг урд өмнө нь сөхөж байгаагүй бол монголын яруу найргийн хамгийн том ертөнцөд хөл тавьж үзээгүй байна гэсэн үг юм шүү.

8. ХАЙРЛАХ УРЛАГ

Энэхүү ном нь танд хайрын тухай бэлэн жорыг хэлж өгөхгүй боловч хэрхэн хайрлах арга замыг зааж өгөх болно. Уг номын зохиогч Эрих Фромм хүн хайранд суралцаж гэмээнэ бусдыг хайрлаж чаддаг болно хэмээсэн байдаг. Иймээс та ч бас хэрхэн зөв хайрлах аргад суралцаарай.

9. ALTOGETHER

Оюутны амьдрал, “хиппи” амьдралын зэрэгцээ өрнөх ийм хоёр өгүүлэмж үргэлжилсээр эцэстээ хэрхэн нэгдэж, “Altogether” хэрхэн төгсөхийг уншигчид өөрөө уншвал илүү сонин биз ээ. “Altogether” бол “Slowdive” хамтлагийн дуу. Зохиол дундуур үе үе давтагдах дууны нэрс, дүрүүдийнх нь таашаан сонсож буй хамтлаг гээд хөгжмийн байр суурь чухалд тавигдаж буй шинжээрээ уншигчдад Мүракамигийн зохиолуудтай ч төстэй юм шиг санагдаж болох юм. Гэвч энэ бол Мүракамигийн нөлөө, тусгал гэхээс илүүтэй хөгжим амьдралынх нь хэв маяг, шашин болсон хотын “хипстер” маягийн залуусын үнэн дүр төрхийг Б.Билгүүн бичиглэсэн нь юм.

10. Нохойн зүрх

Уг тууж бол Булгаковын хамгийн дуулиантай, маргаантай, этгээд бүтээлүүдийн нэг юм. Профессор Филипп Филиппович Преображенскийгийн нохойд хүний өнчин тархи суулгах туршилт хийж ямар үр дүнд хүрсэн тухай эл тууж өгүүлнэ. Зохиолд гарч байгаа 1920-иод оны Москва хотын барилга, гудамжны нэр бодит төдийгүй тэр үед гарч байсан театр, циркийн үзүүлбэрүүд ч жинхэнэ аж. Этгээд бичлэг, зохиолчийн ур чадварыг шавхсан энэхүү бүтээл танд уран дүрслэл ямар хүчтэй илэрхийлэмж болохыг мэдрүүлэх болно.