Монцамэ
2018-06-08 12:54

ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрт Монгол улс 52-66.4 хувийн тарифын хөнгөлөлт эдлэнэ

     Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай хэлэлцээрт өнөөдөр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар гарын үсэг зурлаа.

Далайд гарцгүй орны хувьд эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг хэлэлцээрийг байгуулах ажил 9 жил үргэлжилсний эцэст өнөөдөр гарын үсэг зурж буй юм. 

Ингэснээр Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдэлнэ.

Тухайлбал, нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэх юм. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах нөхцөл бүрдэж төмөр замаар дамжин өнгөрөх ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцлийг бүрдүүлэх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих, эрчим хүч болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил, харилцан уялдааг хангах замаар Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөл бүрдэх аж.

Гарын үсэг зурах ёслолын үеэр ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, “Эдийн засаг өсөхийн хирээр экспортын зах зээлийг тэлэх шаардлага бий болж байна. Энэ хүрээнд бид ОХУ-аар дамжин далайд гарцтай болох юм. Ялангуяа нүүрс тээвэрлэлтийн чиглэлд хамтран ажиллах талаар ОХУ-ын талаас сонирхлоо илэрхийлж байгаа. Монгол Улс Азийн автозамын сүлжээнд AH3 автозамаар холбогдоно. Тэгэхээр автозам, иргэний агаарын тээврийн салбарт мөн ОХУ-тай хамтран ажиллах талаар ярилцаж байна” гэлээ.

Дашрамд дурьдахад манай улс энэ төрлийн хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд байгуулсан байна.