Монцамэ
2018-05-31 12:35

Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн ЗОДОГ ТАЙЛАХ ЁСЛОЛ ирэх есдүгээр сард болно

     Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарч, ирэх есдүгээр сарын 30-нд зодог тайлах ёслолоо хийхээр болжээ.

Тэрбээр 2018 он гарахын өмнөхөн нутаг нэгт сумочид гар хүрсэн асуудалд холбогдож, сумод хүч үзэх эрхээ хасуулахад хүрсэн билээ. Харумафүжи Д.Бямбадорж Япон дахь ажил хэргээ дуусгаж эх орондоо бүр мөсөн ирэхээр болсон байна. Боловсролын салбарт түлхүү анхаарч Монголдоо "Шинэ Монгол" сургууль байгуулаад байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн юм. Түүнчлэн гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолоор тодорсон билээ.

Японы спортын өдөр тутмын хэвлэл болох “Хойчи Шимбү” сониныхон түүнийг 2016 онд болсон бүх башёд тогтмол өндөр амжилт үзүүлсэн хэмээн үнэлж энэхүү шагналыг хүртээлээ хэмээн онцолж байсан юм. Түүний багш Исэгахама Ояката мэргэжлийн сумогийн 63 дахь Их аварга Асахифүжи аж.

Харумафүжи Д.Бямбадорж удам залгасан ясны бөх бөгөөд түүний аав Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Үндэсний бөхийн Монгол Улсын заан Р.Давааням агсан, том ах Д.Баасандорж нь аймгийн начин, бага ах Д.Лхагвадорж улсын начин, авга ах нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, үеэл нь улсын гарьд Н.Ганбаатар юм.

15