Монцамэ
2018-02-24 18:34

Их дуулга тэмцээнээс манай ХОЁР тамирчин ХҮРЭЛ медаль хүртээд байна

       Германы Дюссельдорф хотноо болж буй жүдо бөхийн Их дуулга тэмцээнээс манай хоёр тамирчин хүрэл медаль хүртээд байна.

Энэхүү 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф Их дуулга-2018” тэмцээнд 71 орны 500 гаруй жүдоч хүч үзэж байгаа юм. Манай улсаас нийт 19 бөх зодоглож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг жингийн барилдаан явагдаж, медалийн эзэд тодорлоо.

Эдгээр жинд манай есөн жүдоч зодоглосноос эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Эрхэмбаяр нар тус тус хүрэл медалийн эзэд болов.

Б.Эрхэмбаярын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт Д.Алтансүхийг ялсан бол Л.Энхрийлэн ОХУ-ын жүдоч Анастасия Конкинаг ялж хүрэл медалийн болзол хангасан байна. Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаан явагдаж, медалийн эзэд тодорно.

17