close
Эдийн засаг

Дэлхийн банкны зураглал

        Өчигдөр Дэлхийн банкнаас 2017 оны эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийв. 2017 онд дэлхийн эдийн засгийн өсөл 2,7 хувьтай байна. 

Тэр дундаа манай гарагийн нөлөө бүхий эдийн засагтай орнуудын ерөнхий өсөлт 1,8 хувьтай байна гэж тооцоолж байгаа. 

АНУ-ын эдийн засаг өсөх хандлага ажиглагдаж байгаа ч худалдааны хориг арга хэмжээ, улс төрчдийн баримталж буй бодлого зэрэг нь эдийн засагт муугаар нөлөөлж болзошгүй байна.

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким “Удаан хугацааны дараа дэлхийн эдийн засагт өсөлт ажиглагдлаа. Энэ жил ард түмний амьдрал, дэд бүтэц, жижиг, дунд үйлдвэрлэл зэрэгт хөрөнгө оруулахад таатай боломж бүрдэнэ. Гэхдээ эдийн засгийн өсөлтөө хурдасгах, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд  ядуурлыг бууруулах нь чухал”  гэв.

Ерөнхийдөө энэ жил дэлхийн эдийн засаг өснө гэж харж байгаа. Бүс нутгийн хөгжлийг тодорхойлогч гүрнүүдийн улс төрийн бодлого улс орнуудын харилцаа төдийгүй эдийн засагт тогтворгүй байдал үүсгэж болзошгүйг Дэлхийн банкнаас анхааруулж байна.

Бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засгийн гол тоглогч Хятадын эдийн засаг ирэх онд 6,5 хувиар өснө гэж тооцоолж байна. Энэ нь сүүлийн хэдэн жил тохиогоод буй хамгийн доод үзүүлэлт. Хятадын эдийн засгийн өсөлт саарах үйл явц бүс нутагт ч нөлөөлөх нь ээ.

Бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн өсөлт 6,2 хувьтай байх нь. Экспортлогч орнууд болох Индонез, Малайз зэрэг орны эдийн засаг 5,3 хувиар өснө гэж тооцоолж байна. 

Харин уул уурхайн бүтээгдэхүүнээс хараат, багахан эдийн засагтай Монгол, Шинэ Гвиней зэрэг улсын эдийн засаг хүнд сорилттой тулгарах ажээ.

2017 онд Монгол улсын эдийн засгийн өсөлт хоёр хувьд хүрнэ гэж тооцоолж байна. Энэхүү өсөлт 2019 он хүртэл үргэлжлэх ба 2018 онд 3,5 хувь, 2019 онд 3,7 хувьд хүрэх ажээ. Гэхдээ энэхүү тоон үзүүлэлт санаа амрах шалтгаан болохгүй. 

Түүхий эдийн үнэ доогуур үнэлэгдэж байгаа нь  манай эдийн засагт дарамт болж болзошгүй. Мөн томоохон өрүүдээ төлж эхлэх тул энэ жил бидний хувьд “чанга” болох төлөвтэй.

М.Билгүүн

Эх сурвалж: Mongolian Economy

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү