close
Видео мэдээ

Агаарын бохирдлоос АМЬД ҮЛДЭХ 9 зөвлөмж

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Улаанбаатарын агаарын бохирдлын талаар ярихгүй, түүнд хордохгүй хүн гэж алга. Гэхдээ энэ асуудал алга урвуулахын төдийд шийдэгдчихгүй болохоор юун түрүүнд иргэн бүр өөрийгөө хамгаалахад суралцах хэрэгтэй байна. 

Агаарын бохирдолд зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судас, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд, хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд мэдрэмтгий байдаг. Нүд үрэвсэх, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, ханиалгах, амьсгал давчдах зэрэг нь тоосны нөлөөнд өртсөны нэг шинж юм.

Агаарт агуулагдаж буй нарийн ширхэглэгт тоосонцрын улмаас хүний уушги, зүрх өвчилж, нас барах шалтгаан болдог. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд: 

1. Сайжруулсан түлш хэрэглэх /Баяжуулсан нүүрс, хагас коксжсон нүүрс, хийн түлш гэх мэт/

Нарны эрчим хүч ашиглах, гялгар уут, машины дугуй, гутал, хувцас зэргийг түлэхгүй байх хэрэгтэй. Ахуйн хог болон резин, машины дугуй зэрэг хорт нэгдэл агуулсан хаягдал бүтээгдэхүүнийг шатаах нь таны болон танай гэр бүлийхний амьсгалах агаарыг хорт бодисоор бохирдуулж олон төрлийн өвчлөлийг үүсгэх аюултай. Ахуйн хэрэглээнээс гарсан хог хаягдлаа ангилан, ялгаж, хадгалаад хуваарийн дагуу хотын тохижилтын машинд ачуулж хэвших, хашаандаа хогоо шатаахгүй байх. 

2. Гэртээ цэвэр агаар оруулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

3. Гэр хорооллын айлууд бохир усаа зориулалтын саванд хийх

Стандартын 00, бохирын цооногтой болох, гудамжаар явахдаа хогоо ил хаяхгүй байх, хог гарвал ойролцоо хогийн саванд хийж хэвших, ойрхон газар алхаж явах, дугуй унаж хэвших, нийтийн тээврээр зорчих, тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө цаг тухайд нь төлж байх хэрэгтэй.

4. Долоо хоногийн 1-2 өдөр автомашин унахгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр зорчих

Гадаад орнууд агаарын бохирдлоо бууруулахын тулд тээврийн хэрэгсэлд хяналт тавихын тулд тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч, ашиглагч, түлшний чанар, хяналт, байцаагчийн талаар нарийн журам тогтоож өгсөн байна. Хотын тоосжилтонд тавих хяналтыг сайжруулах, тоосыг бууруулахын тулд ойжуулалт, нэг хүнд ноогдох бүсийн талбайг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авсан байна.    

5. Ил задгай талбайд бие засахгүй байх

6. Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төлвийг ажиглах, мэдээлэл авах

7. Бохирдол ихтэй газраас явахдаа амны хаалт хэрэглэх

Тоос үүсгэх эх үүсвэрүүд:

·         Дулааны цахилгаан станцууд

·         Халаалтын зуухнууд

·         Мод, нүүрс түлэх

·         Авто тээврийн хэрэгслүүд

·         Хучилтгүй зам, сул хөрс шороо

·         Ой хээрийн түймэр

·         Баригдаж буй барилга, байгууламжууд

·         Элс, хайрганы орд газрууд

·         Тоосго, цемент, блокний үйлдвэрүүд

·         Металлургийн үйлдвэр

8. Ногоон байгууламжийг өрх, гэр албан байгууллагынхаа ойролцоо нэмэгдүүлэх

Манай “Ойн тухай” хуулинд Монгол Улсын иргэн бүр жил бүр 1 мод, аж ахуйн нэгж бүр 5 мод тарьж байхаар, “Газрын тухай хууль”-ийн 56.6-д зааснаар хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10%-иас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлахаар заажээ. 

Хөгжилтэй орнуудын жишгээс харахд хот суурин газрын 20-оос доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг бол манай оронд 2-3 дахин бага байна. Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая м3 агаар дахь утаа тортгийн 35.5 хувийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 64.5 хувийг намжаах, дуу, шуугианы 26 хувийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ. 

9. Долоо хоногт нэг удаа хотоос зайдуу цэвэр агаарт гарах

Тоосонцрын ширхэглэлийн голч 2,5 микроноос бага тоосонцрыг нарийн ширхэглэгт, 10 микроноос бага ширхэглэлтэй том ширхэглэгт тоосонцор буюу РМ10 гэнэ. Тоосны найрлаганд цахир, кадми зэрэг 200 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү