close
Нийтлэл

Биднийг өөд нь татах салбар

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

6 сарын өмнө

-Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ-

        Дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн жил бүр аялж байна. Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин  нэмэгдэх тооцоо байгааг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргажээ. 

Уг тооцооллоор, олон улсын хилээр өдөрт таван сая хүн зөвхөн аяллын зорилгоор зорчих нь. 

Аялал жуулчлалын салбар өдгөө дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 10 хувь, экспортын орлогын зургаан хувь, хөрөнгө оруулалтын 4.3 хувь, худалдаа үйлчилгээний 30 хувь, хэрэглээний зардлын 11 хувь, татварын орлогын таван хувийг тус тус бүрдүүлж байна.

“Утаагүй үйлдвэрлэл” хэмээн тодотгодог аялал жуулчлалын салбар дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгааг дээрх статистик дүн илэрхийлнэ. Тус салбарын даян дэлхийн эдийн засагт эзлэх хувь 2014 онд 8.7 хувиар өсөж, ойролцоогоор 7.6 их наяд ам.долларт хүрч байсан удаатай. 

Энэхүү үзүүлэлт жигд өссөн хэвээр. Аялал жуулчлал нь өсөлтийн хурдаараа санхүү, бизнесийн үйлчилгээ, бөөний худалдаа, тээвэр зэрэг салбаруудаас хол түрүүлж байгаа юм. Дэлхийн 11 ажлын байрны нэг нь аялал жуулчлалын салбараас хамааралтай байх жишээтэй.

Манай улсын хувьд аялал жуулчлал нь эдийн засгийн тэргүүлэх салбарт гэж үнэлэгдэж ирсэн. Энэ утгаараа ДНБ-ий 2.3 хувийг тус салбар эзэлж байна. Монголд ирсэн жуулчдын тоо жилд дунджаар 20 орчим хувиар өсөж байсан үе бий. Тэр үе бол 2000-2007 он гэж тус салбарынхан онцолдог. 

Харин 2007-2009 оны хооронд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралаас шалтгаалан дээрх үзүүлэлт буурч байсан. Тоон үзүүлэлтээр авч үзвэл, өнгөрсөн хугацаанд хамгийн тогтворгүй өсөлт аялал жуулчлалын салбарт ажиглагдах болсон. Өөрөөр хэлбэл, жуулчдын тоо жил тутам, бүр улирал бүрт хэлбэлзэж байна.

Манай орныг зорин ирж буй жуулчдын урсгал сүүлийн хоёр жилийн хугацаанд улам агшсан. Үүнийг дотоодын эдийн засгийн удаашрал, гадаадын хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдийн тоон өсөлт багассантай нэг талаар холбон зарим тайланд дурдсан байдаг. 

Монгол Улсад жуулчны визээр хил нэвтэрсэн зорчигчдын тоо өнгөрсөн онд 386 мянга байсан. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 1.7 хувиар бага үзүүлэлт болж байна.

Аяллын зорилгоор нь авч үзвэл, жуулчлалын ба албан зорилгоор айлчлан ирж байгаа бүлгүүд өссөн дүнтэй гарсан. Харин хувийн, дамжин өнгөрөх, бусад төрлийн жуулчдын тоо буурсаар. 

Бүс нутгаар нь авч үзвэл, сүүлийн жилүүдэд Зүүн Ази Номхон далайн жуулчид дийлэнх хувийг эзэлж байна. Зорилтот зах зээлийн нэг нь энэ бүс нутаг байх бол Европын зах зээл бидний хувьд хоёр дахь зах зээл байх нь дамжиггүй.

Монголд ирж байгаа жуулчдыг аяллын зорилгоор нь ангилж үзэхэд 20 гаруй хувь нь амралт жуулчлалын зорилгоор ирсэн байна. Ирж буй жуулчдын дийлэнх нь Монголын унаган байгаль, нүүдэлчин соёл, Чингис хааны тухай илүү сонирхдог гэсэн судалгаа гарчээ. 

Тэгэхээр биднийг олон улсад сурталчлах, жуулчдад таниулах хамгийн том брэнд юу болохыг уг судалгаа нэг талаар харуулж байна. Сүүлийн үед тусгай сонирхлын аялал жуулчлал идэвхтэй хөгжиж байгаа нь гаднынханд Монголд зочлох нэг шалтгаан болж байгааг үгүйсгэхгүй.  Үүнээс гадна дотоодын аялал жуулчлал хурдацтай цар хүрээгээ тэлэх болсон.

Манай улсын шинэ тутам хөгжиж буй аялал жуулчлалын салбар хөдөлмөрийн зах зээлийн гурван хувь буюу ойролцоогоор 24.5 мянган ажлын байр шууд, шууд бусаар 81 мянган ажлын байр бий болгож байгаа аж. 

Олон улсын жуулчдын дунд явуулсан санал асуулгын судалгааны дүнгээс харахад, Монголд аялан саатаж байгаа нэг жуулчны хувийн нэг өдрийн дундаж мөнгөн зарцуулалтаар багц аяллын жуулчин 190 ам.доллар хэрэглэдэг бол үүргэвчтэй аялагч 77 ам.доллар зарцуулж байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас “Аялал жуулчлалын өрсөлдөх чадвар”-ын судалгааг явуулж ирсэн. Энэхүү судалгааны тайланг дэлхийн улс, орнуудын төр засгийн болон бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадвараа сайжруулах гол баримт бичгээ болгон ашиглаж байна. 

Нийт 71 үзүүлэлтээр дэлхийн улс орнуудыг эрэмбэлэн жагсаадаг. Энэхүү тайлангаас үзэхэд, Монгол Улсын өрсөлдөх чадварын  индекс сүүлийн жилүүдэд сайжирч, 105-аас 99-дүгээр байранд шилжсэн байна. 

Улаанбаатар хотын захиргаа болон Голомт банкны эдийн засагч нарын хийсэн таамаглал, тооцооноос харахад, 2030 онд Монгол Улсын ДНБ 25 их наяд төгрөг болох бөгөөд үүнээс 28 орчим хувь аялал жуулчлалын салбараас олох орлогоос бүрдэх юм.

Өнөөдрийг хүртэлх өсөлтийн хурдцыг өмнөх жилүүдийн хэлбэлзлийн дунджаар тооцоход 2020 он гэхэд манай улс 823.5 мянган жуулчин хүлээн авах боломжтой гэсэн тооцоо гараад буй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүлээн авч байгаа жуулчдын тоо даруй хоёр дахин өсөх нь. 

Манай улс дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн 0.2 хувийг эзэлж байгаа. СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал “Богино хугацаанд өсөх боломжтой салбар бол аялал жуулчлал” хэмээн тодорхойлсон юм. Гэхдээ тус салбарт хүчтэй өрсөлдөх давуу талуудаас гадна шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлууд цөөнгүй.

Тухайлбал, Монголд ирж очих олон улсын агаарын нислэг хязгаарлагдмал байдаг нь аялал жуулчлалын салбарын хөгжилд таагүй нөлөө үзүүлж ирсэн. Харин ирэх онд олон улсын шинэ нисэх онгоцны буудал Хөшигийн хөндийд ашиглалтад орсноор дээрх сорилт, бэрхшээл багасна гэсэн эерэг хүлээлт үүсээд байна. 

“Жуулчдад буудаллах зочид буудлын хүрэлцээ хангалттай” хэмээн Монголын зочид буудлын холбооноос мэдэгдсэн юм. Улсын хэмжээнд одоогоор нийт 470 орчим зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа аж. Нийслэлд гэхэд л үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлын тоо сүүлийн таван жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ. Эдгээр зочид буудлын дийлэнх нь 1-3 одны зэрэглэлтэй байна.

Төрөөс энэ салбарыг хөгжүүлэхээр үндэсний хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөр нь эрчимтэй хөгжлийн үе, тогтвортой хөгжлийн үе гэсэн хоёр үе шаттай. Хоёрдугаар үе шат 2021-2025 он хүртэл хэрэгжих юм. Харин эхний үе шат энэ оноос хэрэгжиж эхэлсэн. 

Баримтлах бодлогын чиг нь тодорхой болж, замын “зураг”-аа гаргасан аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал хуримтлагдсан хэвээр байна. 

Тэр дундаа дэлхийн 53 орныг нэгтгэсэн Ази-Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт манай улсад анх удаагаа болох гэж байгаа нь зорин ирэх жуулчдын хувьд нэг талаар халгаатай болохыг Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал С.Мэндбаяр хэллээ. Валютын орох урсгалыг нэмэгдүүлж, үл үзэгдэх экспортыг тэтгэх том зорилготой салбарын төлөв, хандлага иймэрхүү байна.

by 

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

6 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү