close
Нийтлэл

Бутан

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

7 сарын өмнө

        Гималайн нурууны зүүн бөөрөнд нутагтай, томоохон гүрнүүдтэй хил залгаа орших жижиг улсын тухай өгүүлье. 

Бутан нь олон арван жилийн турш өөрсдийгөө тусгаарласаар ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн цөөн тооны жуулчин л энэ орноор зочилдог байна. 

Балба, Бангладеш улстай ойролцоо байрлах Бутан 1910 онд тусгаар улс болсон түүхтэй. Буддист уламжлал соёл ноёрхдог бутаны хэл өдгөө Гималайн ойр орчмын улс орнуудын хэлнүүдиийн нэгэн адил устаж үгүй болох аюул нэрвэгдээд буй.

Хэлний гарамгай чадвараараа гайхагдсаар ирсэн иргэд нь сайд хүртлээ наад зах нь дөрвөн хэлээр чөлөөтэй ярьдаг аж. Дөрвөөр ярьдаг нь харин  бага мэдлэгтэйд орох бөгөөд ихэнх нь 6-7 хэлтэй. 

Өвөрмөц хэл соёлтой, нэг сая хүрэхгүй хүн амтай тус улс дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлэгч хөршүүд болох БНХАУ, БНЭУ-ын хэл соёлоос тусгаар байх үзэл баримталдаг. Энэ нь өөрийн үндэсний онцлог, түүний хэв шинжийг хадгалан авч үлдэхэд нь чухал нөлөөтэй байдаг аж.

Зонка хэл бол бутаны албан ёсны хэл бөгөөд бичиг үсгээр тэмдэглэж болдог ганц нь хэл юм. Харин бусад хэл нь амнаас ам дамжин уламжлагдаж иржээ. 

Үүнээс гадна дор хаяж 18 өөр хэл тус улсад бий гэх. Иргэдийн үзэж буйгаар хөгжингүй орнууд, өрнийн соёлын нөлөө тэдний амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирсан байна. Ялангуяа залуу үеийнхэн бутаны соёл гэж чухамдаа юу болох талаар маруухан мэдэх болсон аж.

Түүхийн он жилүүдэд колоничлогдож байгаагүй бутанчуудыг ямар учраас англиар сайн ярьдгийг нь жуулчид гайхширна. Нийслэлээсээ алслагдсан дүүргүүдэд нь ч энэ тохиолдол олон. Бутаны зүүн өмнөд хэсэг дэх Ура тосгонд Ягачи нэртэй бүх нийтийг хамарсан үндэсний соёлын наадам тав хоног үргэлжилдэг. 

Наадмын үеэр газар газраас хүмүүс цуглаж, сүмд мөргөж, дуулж бүжиглэж, хэл соёлдоо хүндэтгэл үзүүлдэг байна. Бутанчууд үндэсний хэл соёлоо өнө удаан авч үлдэхээр хичээж буй. Хэдийгээр хөгжлийн үзүүлэлтээр буурай гэх тодотголтой  ч өөрсдийн түүхээ бичиж яваа үндэстэн.

Бутаны нийслэл нь Тхимпху. Хүн амынх нь 50 хувь нь Төвдөөс ирсэн гэж үздэг. Үндсэн хуульт хаант улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь тав орчим мянган ам.доллараар хэмжигдэж байна. 

Бутаны вант улс нь далайд гарцгүй бөгөөд өмнөд Азийн орон. Бутанчуудын дийлэнх нь Төвдийн буддын шашны шүтлэгтэй. 

Хүн амын 95 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Энэ нь тус орныг хөдөө аж ахуйн эдийн засагтай болохыг бэлхэн илтгэнэ. Голын хөндий, уулын хормойгоор усалгаатай газар тариалан эрхэлж, иргэд нь амьжиргаагаа залгуулах нь ердийн үзэгдэл. Мөн бэлчээрийн аж ахуйг хөгжүүлж ирсэн бөгөөд үхэр, сарлаг, хонь, гахай, луус өсгөж үржүүлж байна.

Гар урлалын үйлдвэрийн аргаар хөвөн, хивс, сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн болон гэр ахуйн хэрэгсэл, мод, металлаар гоёл чимэглэлийн зүйл хийх нь энд түгээмэл. Бутан Энэтхэгтэй тусгай гэрээ бүхий онцгой харилцаатай оршдог. 

Бутан нь батлан хамгаалах асуудал болон дотоодын бүх хэрэгт бүрэн дүүрэн бие даасан ч хоёр улсын 1949 оны гэрээ ёсоор гадаад бодлогын салбарт Энэтхэгийн Засгийн газрын зөвлөгөөг мөрдлөг болгодог аж.

Төмрийн хүдэр, гөлтгөнө, гялтгануур олборлодог Бутан нь шуудангийн маркаараа дэлхийд алдартай. Энэ нь ихээхэн орлогын эх үүсвэр болдог байна. 

Гадаадад модон эдлэл, лаазалсан жимс экспортолж ирсэн Бутан амар амгалангийн орон гэлтэй анир чимээгүй даян дэлхийн нэгэн болж оршиж ирсэн. Олны анхааралд төдийлэн өртөөд байдаггүй Бутан аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүн эгнээнд жагссан удаатай. Гэвч иргэдийн амьдрал туйлын ядуу хэвээр байгаа нь анхаарал татах асуудлын нэг мөн.

Жуулчдын сонирхлыг сүүлийн үед ихэд татах болсон Бутанд гэмт хэрэг бараг л гардаггүй. Энэ нь гаднын жуулчин тус оронд ая тухтай аялах тэрхүү боломжийг олгодог байна. Бутанчууд бүс нутгийн бусад үндэстнээс илүү нээлттэй төдийгүй зочломтгой. 

Өөрсдийн өв соёлоо хадгалж яваа гэдгээрээ тэд эрчимжиж буй хөгжлийн сөрөг давалгааг “зүсэж” яваа. Бутанд ургаж буй хүнсний ногоо хамгийн эрүүл бөгөөд экологийн хувьд цэвэр гэж тооцогддог. Учир нь тус улс руу химийн бордоо оруулахыг хуулиар хатуу хориглосон байдаг аж. Бутанд ан гөрөө хийх нь хориотой. Энэ нь буддын шашны шууд нөлөө гэж үзэж болох юм.

by 

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

7 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү