close
Анализ

Улс төрчийн ёс зүйг нэхэе

        Хийсэн буруу үйлдлийнхээ төлөө уучлалт гуйна гэдэг хүн ёсны хэрэг. Тэр дундаа улс орны жолоо, цулбуурыг атгаж яваа хүнд зайлшгүй байх ёстой жудаг мөнөөс мөн билээ.

Гэвч Монголын улс төрчдөд энэ соёл нутагших шинжгүй. Авлига хээл хахууль авлаа, ар өврийн хаалгаар төрийн сэнтийд суулаа, ард түмний хөрөнгийг завшлаа зэрэг элдэв асуудалд орооцолдсон ч тэд таг чиг. Өөрөөр хэлбэл, нийтэд ил гарахдаа ёс зүй гэж мундагдах атлаа нүднээс далд жудаггүй аашилдаг хэвээр л байна.

Үүний жишээг УИХ-ын эрхэм гишүүн, сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг тод мөртэй харууллаа. Мэдээж хүн болсон хойно идэж ууж, наргилгүй л яахав. Гэхдээ төрийн дээд хууль тогтоомж хэлэлцдэг, баталдаг, дэлхийн хүндтэй зочдыг урьж, уулзаж ярилцдаг баганат ордондоо хөлчүүрхэж, өөрийнхөө санаачилж, батлуулсан хуулиа уландаа гишгэн суугаа түшээг өмөөрөх шалтгаан байх учиргүй. Төрийн түшээ байтугай төрөөр овоглосон хэн бугайч ажлынхаа байранд хөлчүүрхэх ёсгүй билээ.

Энэ удаа бид улс төрд шунахайрсан нэр дэвшигчдийн увайгүй зангийн “ач”-аар зохисгүй үлдэлтэй нэгэн төрд гарсныг харлаа. Хэрэвзээ дүрс бичлэг нийтэд ил болоогүй бол төрийн ордон түмний ордог цэнгээний газраас ялгагдах юмгүй болсныг ард түмэн мэдэхгүй л өнгөрөх байв.

ЭНЭ ГУЙЛТ УУ?

Л.Эрдэнэчимэг гишүүн зохисгүй үйлдэлдээ уучлалт гуйсан уу. Гуйсан. Гэхдээ төрийн хүний байр суурь, ёс суртахуун харагдсангүй. Учир нь мэдээллийн төвийн сандал дээр сууж байгаад “Би торгуулиа төлчихсөн, ард түмнээсээ уучлалт гуйж байна” гэв. Мөнгө төлсөн учир бид уучлах ёстой байх нь. Ингэж л сонсогдов, ойлгогдов.

Тэр ард түмнийхээ итгэл найдварыг уландаа гишгэчихээд уучлалт гуйхдаа босоод ч зогссонгүй. Зөвхөн ирэх сонгуульд ялах гэсэн хүслээ гүйцээх гэж “Уучлалт гуйсан” дүр үзүүлэв. Буруугаа ухаарсан хүүхэд ч бусдаас уучлалт гуйхдаа толгой бөхийдөг гэдгийг өдий насны хүн мэдэх л учиртай баймаар.

Энэ удаагийн хэрэг явдал нэг зүйлийг хатуу санууллаа, ойлгууллаа. Монголчууд бид төрд гарах хүнийхээ ёс жудгийг нь хардаг, гарсан хойноо ёс жудагтай байх, хийсэн буруу үйлдлийнхээ төлөө хүн шиг уучлалт гуйдаг тийм л нэгнийг сонгох хэрэгтэй болжээ. Иймд улс төрчийн ёс зүйг хаанаа хаанаа нэхдэг болоё.

 
Улс төрчийн ёс зүйг нэхэе (1)
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү