close
Боловсрол

Дэлхийн шилдэг боловсролын системүүд

        Жил бүр Дэлхийн эдийн засгийн форумаас “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” гаргадаг. Ингэхдээ тухайн улсын банкны салбарын тогтвортой байдал, бизнесийн салбарын шударга өрсөлдөөн зэргийг үндэс болгон авч үздэг. Эдгээр баримтаа эмхтгэн дэлхийн улсуудын эдийн засгийн байдлыг зурагладаг юм.

Уг тайланд улсуудын макро эдийн засаг, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөрийн хүч зэргийн өрсөлдөх чадварын үнэлгээг гаргах бөгөөд дээрх үзүүлэлтээр улсуудыг 12 ангилалд багтаана.

Боловсролын салбарт дээгүүрт жагссан улсуудыг танилцуулж байна.


10. Япон

Япон улс бичиг үсэг тайлагдсан байдал, шинжлэх ухаан, математикийн мэдлэг зэргээр “Эдийн засагийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”-аас дээгүүр үнэлгээ авдаг. 

Сурагчид зургаан жил бага сургууль, гурван жил дунд сургууль, мөн гурван жил ахлах сургуульд сурдаг. Үүний дараа их сургуульд сурах эсэхээ шийддэг. 

Ахлах сургуульд заавал сурах үүрэггүй ч нийт сурагчдын 98 хувь нь элсэн ордог.

9. Барбадос

Барбадосын эрх баригчид боловсролын салбарт анхаарч, их хэмжээний хөрөнгө оруулдаг. Нийт хүн амын 98 хувь нь бичиг үсэгт тайлагдаад байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг. 

Бага ангид сургуулийн өмнөх боловсролыг хамруулан тооцдог бөгөөд дөрвөн настайдаа “сургуульд ордог”. 11-18 насанд ахлах ангиа дүүргэнэ. Улсын болоод хувийн сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг.

8. Шинэ Зеланд

Шинэ Зеландад сурагчид 5-19 насны хооронд бүрэн бус боловсрол эзэмших эрхтэй болно. Харин 6-16 насны хооронд албан боловсрол эзэмшинэ. Тус улсад хоёр төрлийн дунд сургууль байдаг.

Нийт сурагчдын 85 хувь нь улсын сургуульд, 12 хувь нь улсын хувь нийлүүлсэн тусгай сургалттай хувийн сургуульд, 3 хувь нь хувийн сургуульд суралцдаг.

7. Эстон улс

2015 оны тоо баримтаас харвал Эстон улс ДНБ-ийхээ дөрвөн хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. 

1992 онд батлагдсан боловсролын тунхагт “Эстоний хүн ардад боловсрол эзэмших таатай орчин бүрдүүлэх, үндэстний цөөнхийг хөгжих боломжоор хангах, эв нэгдлийн үнэ цэнийг ойлгуулах, уламжлалыг хүндэтгэх, иргэнийг насан туршдаа суралцах боломжоор хангахыг зорино” гэжээ.

6. Ирланд

Ирландад улсын болон хувийн хамтарсан сургуулиуд олноор үйл ажиллагаа явуулдаг. Ирландын боловсролын систем нь улсын хөрөнгө оруулалт, хувийн сургалтын систем гэсэн загвартай. 

Гэвч 2008-2013 оны эдийн засгийн хямралаас шалтгаалан боловсролын салбарын хөрөнгө оруулалт нь 15 хувиар буураад байна. Энэ нь цаашид хүндрэл дагуулж болзошгүй гэж үзэж байна.

5. Нидерланд

2013 оны НҮБ-ын судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай хүүхэдтэй улсаар Нидерланд тодорсон. Тус улсын хүүхдүүд бусад улсынхтай харьцуулахад эрүүл бас дэлхийн хэмжээний боловсрол эзэмшдэг байна. 

Дунд анги хүртэл хүүхдийг даалгавраар шахдаггүй бөгөөд дунд ангиас хичээл нь “бага зэрэг” хүндэрдэг. Нидерландад шашны, улсын мөн цөөн тооны хувийн сургууль үйл ажиллагаа явуулдаг.

4. Сингапур

Сурагчдын дүнгийн үзүүлэлтээр Сингапур улс дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг. Гэвч сургуулиуд энэхүү нэр хүндээ хамгаалах үүднээс сурагчдыг шахдаг, улмаар сурагчдад сэтгэл зүйн дарамт учируулдаг хэмээн шүүмжлэлд өртдөг байна.

3. Бельги

4-18 насны хүүхдүүд албан боловсрол эзэмшинэ. Үнэ төлбөргүй, чанартай боловсрол олгодог тус улсын боловсролын системийг АНУ-ын “Фүллбрайт”-аас ч өндрөөр үнэлдэг.

2. Швейцар

Швейцарын нийт сурагчдын таван хувь нь л хувийн сургуульд сурдаг. Хичээлүүд нь англи, герман, итали зэрэг хэлээр явагддаг. Дунд ангиас эхлэн тухайн хүүхдийн чадварт тулгуурласан хичээлүүд орж эхэлдэг байна.

1. Финланд

Боловролын хамгийн эрх тэгш журам үйлчилдэг шинжээрээ энэ улс жагсаалтыг тэргүүлж байна. 

Сурлагын дүн, чадвар зэргээс үл хамааран хүүхэд бүрийн эрх тэгш байдлыг сахин хамгаалдаг. Тэр ч үүднээс сурлагын үзүүлэлтээ тогтмол хадгалж чаддаг.

Финландын сургуулиуд хүүхдүүдийг хичээлээр нүдэж, даалгавраар дардаггүй. Харин 16 нас хүрэхэд ерөнхий шалгалт авдаг бөгөөд эл шалгалт нь хүүхдүүдэд дарамт болдоггүй байна.   

М.Билгүүн

Эх сурвалж: Mongolian Economy

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү