close
Уул уурхай

“Оюутолгой”-н эргэлтийн цэг

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

6 сарын өмнө

-Гүний уурхайн бүтээн байгуулалтад 5.3 тэрбум ам.доллар зарцуулна-

        Гацаанд ороод байсан “Оюутолгой” төслийн гүнийн уурхайн бүтээн байгуулалт алгуур урагшилж байна. Том төслийн нөлөөгөөр удааширч байсан зарим жижиг төсөл идэвхжиж эхэллээ. 

33 сарын хугацаанд “царцсан” “Оюутолгой” төслийн хоёр дахь шат  ирэх өдрүүдэд улам эрчимжих нь. Эдийн засаг, бизнесийн орчинд чухал нөлөөтэй эл төслийн талаар бид өнгөрсөн хугацаанд хангалттай улстөржиж, хоорондоо маргаан, мэтгэлцээн өрнүүлсэн.

Зэс, алтны дэлхийн хамгийн том таван уурхайн нэг болох учиртай “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад нийт 5.3 тэрбум ам.доллар зарцуулна. Энэ хөрөнгийн анхны санхүүжилт болох нэг тэрбум ам.долларын түрүүч эхнээсээ энэ оны хоёрдугаар хагаст орж ирэх гэж байна. 

Дотоодын эдийн засгийн өнөөгийн дүр төрхийг өөрчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг сэргэхэд дээрх нэг тэрбум ам.долларын гүйцэтгэх үүрэг маш их. 

“Оюутолгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрөл авч, тус компанийн хувьцаа эзэмшигчид 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, уурхайг өргөтгөхөөр шийдвэрлэсэн.

Далд уурхайн санхүүжилт нь сүүлийн таван жилийн доод түвшинд ирээд байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлтийг хамгийн багадаа 10 дахин нэмэгдүүлэхээр байгаа. Энэ утгаараа өсөлт нь саарч буй эдийн засагт шинэ найдвар төрүүлж байна. Төслийн бүтээн байгуулалт нийт 5-7 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд бүтээн байгуулалтын оргил үед 3,000 хүн уг төсөл дээр ажиллах юм.

Энэ онд “Оюутолгой” болон түүний туслан гүйцэтгэгч компаниуд нийт 1,000 орчим хүнийг ажилд шалгаруулж авахаа зарласан. Тэгэхээр ажилгүй, орлогогүй болчихсон байгаа уул уурхайн салбарынханд боломж нээгдэж байна. Гүнийн уурхайн бүтээн байгуулалт сэргэж байгаа нь эдийн засгийн хүндрэл зогсохын тэмдэг. 

Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг “Оюутолгой” төслийн ил уурхайн бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд үлэмж хэмжээгээр тэлсэн. Харин хоёр дахь шатны хөрөнгө оруулалт саатсанаар манай эдийн засаг доголдож эхэлсэн талтай.

Баялгийн 80 гаруй хувийг агуулж буй  далд уурхайн бүтээн байгуулалтыг олон улсын банк санхүүгийн 15 байгууллагаас 4.4 тэрбум ам.доллар зээлж гүйцэтгэнэ. Үлдсэн хөрөнгийг “Оюутолгой”-н ашгаас санхүүжүүлэхээр болсон. Гэхдээ төслийн хувь нийлүүлэгчид зээлийн дээд хэмжээг зургаан тэрбум хүртэл байхаар тохиролцсон бөгөөд ингэснээр цаашид 1.6 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авах боломжтой юм.

Төслийн бүтээн байгуулалтад үндсэндээ 5.3 тэрбум ам.доллар зарцуулахаар “Оюутолгой” компаниас баталж, албажуулсан. Уг хөрөнгөөр таван босоо ам барьж дуусгана. Босоо ам нь газрын гүн рүү 1,300 метр нэвтрэх юм. Энэ нь “Bluy sky” цамхгийг 12 дахин давхарласантай ижил хэмжээний гүнээс хүдэр олборлоно гэсэн үг. Тэгэхээр бүтээн байгуулалтын нүсэр ажил ирэх жилүүдэд тасралтгүй явагдана.

Үүнээс гадна газрын гүнд 10 км орчин урт налуу хэлбэрийн туузан дамжуулах шугам, бутлуурын цех, оффиссын барилгууд барихаар байгаа. Түүнчлэн 200 км урт  хонгил гаргахаар төлөвлөжээ. Энэ нь Улаанбаатараас Дархан-Уул аймаг хүртэлх урт хонгилын сүлжээ бий болгохоор зурагласан байна. Далд уурхайн бүтээн байгуулалтад ойролцоогоор 1,000 орчим туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компани ажиллах боломжтой аж.

Гүний уурхай ашиглалтад орсноор баяжмал дахь зэс, алтны агуулга гурав дахин өснө гэж тооцоолж буй. Улсын төсвийн орлогын 100 төгрөг тутмын 10  төгрөгийг “Оюутолгой” компани одоогоор бүрдүүлж байна. Монголд гаднаас орж буй гурван ам.доллар тутмын хоёр нь гүний уурхайн бүтээн байгуулалтаас орж ирэх нь үндсэндээ тодорхой боллоо. “Оюутолгой” төслийг дагаж Тавантолгойн цахилгаан станцын төслийн нэгжийн хөрөнгө оруулагч талтайгаа хийж буй хэлэлцээрт үр дүнтэй алхам гарч эхэллээ.

Монголын эдийн засгийн жилийн өсөлт 17 хувьд хүрэхэд “Оюутолгой” төслийн ил уурхай тулах цэг нь болж байв. Тэгвэл хямралын ирмэгт ирээд байсан эдийн засаг хүндрэлээс бүрэн гарахад уг төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт нөлөөлөх нь улам баталгаажиж эхэлж байна. 

Гүний уурхайн бүтээн байгуулалтын үр дүнд Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлийн томоохон тоглогч болох юм. Одоо байгаа ил уурхайгаас даруй гурав дахин илүү хэмжээний олборлолт, борлуулалтыг далд уурхайгаас хийхээр төлөвлөсөн.

Лондоны металлын биржид тонн зэсийн үнэ 4,625-4,810 ам.долларын хооронд хэлбэлзэж байна. Гүний уурхайгаас 2020 оноос олборлолт эхлэх бөгөөд 2027 оноос гүнийг уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглах юм. 

Ингэснээр “Оюутолгой” компани жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Тус компани одоогоор жилд 175-200 мянган тонн зэс үйлдвэрлэж байна.

Далд уурхайн санхүүжилтийг бараг л гурван жилийн өмнө зогсооход 1,700 хүн ажилгүй болсон бол бүтээн байгуулалт өрнөх үед үүнээс хоёр дахин их хүн уг төсөлд ажиллана. Ханган нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд шинээр ажилтан авна. Ингэснээр дотоодын хөдөлмөрийн зах зээлд ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны маш олон иргэн амьдралаа залгуулах ажилтай болно гэсэн үг.

Далд уурхайн бүтээн байгуулалтыг дагаад маш олон төрлийн бизнесийн боломжууд үүснэ. Энэ хэрээр эдийн засаг, бизнесийн орчин идэвхжих нь лавтай. “Оюутолгой” компанийн хувьд энэ оны эхний улиралд 422.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. 

Энэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 18.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус компани үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын 95 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалт одоогоор хийсэн. Тэгэхээр “Оюутолгой”-н бүтээгдэхүүний худалдан авагч хэдийнэ тодорчихсон гэсэн үг. 

Зэсийн ханш энэ он гарсаар харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдсан хэвээр байна. “Оюутолгой” компанийн хувьд өдөрт дунджаар 106 мянга орчим тонн хүдэр боловсруулж байгаа юм. Энэхүү үйлдвэрлэлийн хэмжээ цаашид улам өсөх дүнтэй байна.

 by 

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

6 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү