close
Дэлхий

Мөрөөдлийн аялалдаа гарахын тулд өдөрт 16 цаг ажилладаг байсан бүсгүйн тэмдэглэл

        Каролина Валейкайтэ бол мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч буй залуу бүсгүй. Түүний аяллын төгс гэмээр гэрэл зургуудаас та наранд ээсэн далайн эрэг, халуун орны ой шугуй, хүний гараар бүтсэн гайхамшгууд, аз жаргалдаа умбасан хосыг олж харах болно. 

Валейкайтэ бол мэргэжлийн зурагчин. Тэрбээр өөрийгөө загварын ертөнцөд карьер хөөх болов уу гэж боддог байсан ч үүний оронд найз залуу Марко Копполатайгаа хамт аялахыг илүүд үзжээ. 

Хосууд Морокко, Мьянмар, Тайландаар аялсан бөгөөд одоогоор Камбожийн нэгэн амралтын газарт урилгаар ажиллаж байгаа аж. 

Түүний блог дээрх нийтлэл болон гэрэл зургийг хүргэе. 


Аялж эхлэхээс өмнөх миний амьдрал бусдаас ялгарах зүйлгүй, нэгэн хэвийн хэмнэлд орчихсон байлаа. Би Литвад төрж өссөн. Том болоод Лондонд сурахаар явсан. Сургуулиа төгссөний дараа өндөр зэрэглэлийн загварын компанид нэг жил ажилласан. 

Бусдын нүдээр харахад бүх зүйл хэвийн байгаа ч надад бол би амьдралаа алдаад байгаа мэт сэтгэгдэл төрдөг байв. Та миний юу хэлэх гэснийг ойлгож байгаа байх. Өглөө сэрээд л хурдхан орой болохыг, буцаад орондоо орохыг хүсэх тэр мэдрэмж. 

Харин миний найз залуу Марко хэзээний л аялахыг хүсдэг нэгэн. Түүнтэй анх танилцсан үед, бидний нөхөрлөлийн урт удаан хугацаанд, миний санаж чадах бүхий л цаг үед тэр Лондонг орхиж, хаа нэг тийшээ аялахыг мөрөөдсөөр байлаа.

Түүний энэ гайхалтай санаа намайг загасны дэгээ шиг л уургаж, бид аяллын төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн юм. Бид хэдийнэ багахан хэмжээний хадгаламжтай болсон ч төлөвлөсөн аялалд маань хүрэлцэхгүй байв. Гэтэл миний цаг явсаар.

Хангалттай мөнгөө хураахад бидэнд дөрөвхөн сар л үлдсэн байв. Би энэ хугацаанд дөрвөн давхар ажил хийж, заримдаа долоо хоногт 110 цаг буюу өдөрт 16 цаг ажиллах хэрэгтэй болдог байв. 

Миний бодол уу? Энэ яг л там шиг байсан ч мөрөөдлөө биелүүлэхийн тулд ийм хэмжээний хөлс хүч гаргах хэрэгтэй. 

Би зөвхөн ажил дээрээ хооллож, гэртээ бараг хонохоо больсон тул өрөөгөө хөлслүүлээд, хааяа найзынхаа орон дээр унтчихдаг боллоо. Хэдийгээр энэ нөхцөл байдал амаргүй байсан ч үнэхээр хүссэн зүйлээ биелүүлэхээр зорих үед ийм сорилтуудыг даваад л гардаг юм билээ. 

Энэ бүхний эцэст бид маш их хүлээлт, сэтгэл хөдлөлтэйгээр Их Британийг орхисон юм. Би гэрэл зургийн бүх хэрэгслээ авсан тул бидэнд хийхээр үлдсэн ганц зүйл нь гоо үзэсгэлэнтэй зүйлсийг хайх байлаа. 

Би найз залуу Маркодоо гэрэл зураг авахыг зааж, удалгүй тэр ч өөрөө зургаа янзалдаг боллоо. Сурахад хэдэн жил шаардсан зураг авах чадварыг тэр хэдхэн сарын дотор сурсныг харах сайхан санагдаж байсан. 

Бид аяллынхаа дундуур ажил хийхээр шийдснээр нэг газраа илүү удаан байх боломжтой болдог байлаа. Тэгтэл Камбожийн Кох Ронгийн нэгэн амралтын газар биднийг менежерээр үлдэхийг санал болгосон. 

Бид одоо далайн эрэгт амьдарч байна. Гуравдугаар сараас гэртээ харих замд гарахаар төлөвлөж байна. 

Жич: Бид бас мотоциклиор аялсан. Хамгийн шилдэг аялал бол мотоцикльтой аялал гэдгийг хэлэх хэрэгтэй. 

Бидний аяллын зургуудтай танилцаарай:

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү