close
3 Шинэ мэдээ

Эдийн засаг

Цай үйлдвэрлэгчид чуулав

Монгол Улсад цайны салбар амжилттай хөгжиж байна.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 07, Бямба гараг, 09:35 цагт

        Өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Цай үйлдвэрлэгчдийн уулзалт-хэлэлцүүлэг" болов. 

Уулзалт хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, төрийн болон шинжлэх ухааны байгууллагууд, орон нутаг, нийслэлийн 25 цайны үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм.

Монгол Улсад цайны салбар амжилттай хөгжиж байна. Одоогоор цай үйлдвэрлэдэг 40 гаруй аж ахуйн нэгж бий. Төр, засгаас ч цайны салбарыг цаашид хөгжих боломжтой гэж үзэж байна.

ЖДҮ, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж “Монгол Улсын засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнөөдрийн үйл ажиллагааг явуулж байна. 

Манай улсад цайны ургамал элбэг. Өнөөдрийн уулзалтын зорилго нь цайны жижиг дунд бизнесийг хөгжүүлэх шийдэл эрэлхийлэх, тэдгээрийг сурталчилахад оршиж байна. 

Цаашид экспортод гаргахаар зорьж байна. Гадаадын зах зээлд гаргахад юун дээр анхаарах талаар хэлэлцэх, цаашдын боломжийг тодорхойлоход өнөөдрийн хэлэлцүүлэг чухал үүрэгтэй” гэв.

Монгол орны хэмжээнд цайнд хэрэглэж болох 100 гаруй төрлийн ургамал байдаг. Хэдийгээр байгалийн арвин нөөц байдаг ч зах зээлд хөлөө олж, хэрэглэгчдээ нэмэгдүүлэхэд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд цөөнгүй асуудал тулгардаг байна.

“Тангадра” компаний захирал С.Мааманхүү “Манай цай говийн ургамлаар хийдгээрээ онцлог. Хэрэглэгчид ч энэхүү давуу чанарыг өндөр үнэлж худалдан авах сонирхол ихтэй байдаг. Гэхдээ дотоодынхоо хэрэгцээг хангаж, гадагшаа экспортод гаргахад хэд хэдэн асуудал тулгардаг. 

Эн түрүүнд сав, баглаа боодлын асуудал. Цаашид хөгжүүлэе гэвэл савлагааг сайжруулах хэрэгтэй байна. Мөн боловсон хүчний асуудал тулгамдаад байна” гэв.

Одоогоор манай улсын цайны зах зээл импортоос хамааралтай байна. Цайны үйлдвэрлэлийг дэмжсэнээр гадагшаа урсаж буй мөнгийг эх орондоо шингээх боломж бий. Нөгөө талаар байгаль, экологийн асуудал тулгарч байгаа юм.

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, ургамлын нөөц судлалын лабораторийн ажилтан, доктор Ц.Батцэрэн “Монгол орны ургамал үйлчилгээ сайн, чанар өндөр. Гэвч байгалийн онцлогоос шалтгаалан тархац бага. Тиймээс ариг гамтай, төлөвлөгөөтэй хэрэглэх шаардлагатай. Ховор, нэн ховор ургамлыг тарималжуулах хэрэгтэй” гэв.

М.Билгүүн 

Эх сурвалж: Mongolian Economy

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.