close

Уул уурхай

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал ажлаа хүлээн авлаа

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, Ц.Түмэнцогтыг томилсон.

Автор Г.Дэлгэрмөрөн
9 сарын 30, Баасан гараг, 10:50 цагт

        “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, Ц.Түмэнцогтыг томилсон.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Ц.Түмэнцогт үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Ц.Түмэнцогт нь 2011 оноос Женерал Электрик (GE) компанийн Монгол дах суурин төлөөлөгчөөр ажиллаж байв. Тэрээр эрчим хүч, дэд бүтцийн бизнесийн салбарт олон жил ажилласан арвин туршлагатай. 

Түүнчлэн Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб, Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нь 1993 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Эрчим хүчний дээд сургууль, 2001 онд Америкийн Нэгдсэн Улсын Индианагийн их сургуулийг төгссөн, Эрчим хүчний инженер болон Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

Тэрбээр:

2001-2004 онд Дэд бүтцийн яамны Түлш, эрчим хүчний бодлого хариуцсан мэргэжилтэн, 

2004-2005 онд Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, 

2005-2006 онд Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, 

2006-2007 онд Түлш, эрчим хүчний яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан дарга, 

2007-2011 онуудад Дэлхийн банкны Дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, төслийн удирдагчаар ажиллаж байжээ.


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тухай:

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах дэлхийд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой байгуулагдсан.

Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. 

Эх сурвалж: mon.erdenesmongol.mn

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.