close
7 Шинэ мэдээ

Уул уурхай

Багануурын уурхай гэрийн даалгавраа сайн хийж дууслаа

Багануурын уурхай нь Монгол Улсын хамгийн том нүүрсний уурхай бөгөөд дотоодын нийт хэрэгцээний 60 гаруй хувийг хангадаг юм.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
9 сарын 05, Даваа гараг, 12:58 цагт

        Багануурын уурхай олон улсын тавцанд гарч, мөнгө босгох бичиг баримтаа бэлэн болгожээ. Дэлхийгээс хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад санал тавих уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг хийж дуусгасан байна. 

Өнгөрсөн хоёр жилд Багануурын уурхайн ордод геологийн нэмэлт хайгуулж хийж, нөөцийг 274 сая тонноор нэмэгдүүлж, уурхайн нийт нөөцийг 812 сая тонн болгож, Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ. Энэ нь жилдээ 10 сая тонн нүүрс олборлоно гэж үзвэл 60 орчим жил тасралтгүй ажиллана гэсэн тооцоог мэргэжлийн хүмүүс хийсэн байна.

Багануурын уурхай нь Монгол Улсын хамгийн том нүүрсний уурхай бөгөөд дотоодын нийт хэрэгцээний 60 гаруй хувийг хангадаг юм. 

Тус ордын анхны ТЭЗҮ-г 40 орчим жилийн өмнө ЗХУ-ын Гипрошахтын институт хийж байсан бол хоёр дахь энэхүү баримт бичгийг Австралийн Ранга Пинкок Минарко, Монголын компанийн хамтарсан консорциум боловсруулжээ. 

Багануурын уурхайг өргөтгөн шинэчлэх, нөөцийг нэмэгдүүлэх, ажиллах хугацааг уртасгах асуудал маш чухал ач холбогдолтой. 

Учир нь манай улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, мөн цахилгаан станцуудын шинэ эх үүсвэрийг барих тухай ярьж, тодорхой алхмууд хийж байгаа энэ үед тус уурхайн нөөц 274 сая тонноор нэмэгдэж, уурхай цаашид 60 орчим жил ажиллах болсонд Багануурын уурхайчид төдийгүй эрчим хүчний салбарынхан баяртай байна. 

Мөн өргөтгөл шинэчлэлийн ажил, хөрөнгө оруулалт нь олон улсын жишгээр явахаар байгаа нь Монголын уурхайн шинэ үеийн хөгжлийн эхлэл болох ажээ.

Манай улсын нүүрсний хамгийн том уурхайн хайгуул болон ТЭЗҮ-г олон улсын стандартын дагуу хийж боловсрууллаа. Мөн санхүүгийн тайлангаа дэлхийд нэртэй байгууллагаар аудит хийлгэв. 

Ингэснээр уурхайн өргөтгөл шинэчлэлийн хөрөнгө оруулалтын саналыг олон улсад тавих нөхцөл бүрдэж байгаа юм. “Бид гэрийн даалгавраа олон улсын стандартаар хийж дууслаа. Одоо “Эрдэнэс Монгол” компани уурхайн хөрөнгө босгох ажлыг хийх л үлдэж байна гэж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэллээ. 

Тус компани нь Багануурын уурхайн толгой компани бөгөөд уурхайг зах зээлийнх нь, компанийн зарчмаар нь явуулахаар ажиллаж буй юм. Баримт бичиг хүлээлгэн өгөх арга хэмжээ Багануурын уурхайд болсон бөгөөд гэрийн даалгаврыг амжилттай хийхэд туслалцаа үзүүлсэн Дэлхийн банк, Багануурын уурхайн хамт олонд болон хайгуул, ТЭЗҮ-г хийсэн, боловсруулсан гадаад, дотоодын компаниудад Багануур ХК-ийн компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр талархснаа илэрхийлсэн.

Дээрх уурхайн шинэ ТЭЗҮ-гээр өргөтгөлийн ажилд 160 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолжээ. Дэлхийн зах зээлээс энэхүү мөнгийг ирэх таван жилд босгох бөгөөд уурхайн найдвартай ажиллагааг 60 жилээр уртасгаж буй тухай Б.Бямбасайхан захирал онцолсон.

Уурхай нь өнөөдөр жилдээ 3,8 сая тонн нүүрс олборлож байгаа, өргөлтгөл, шинэчлэлийн ажил хийснээр жилдээ 10 сая тонн хүртэл нүүрс олборлох хүчин чадалтай болох ажээ.

Багануур дүүрэг 30-аад мянган мянган хүн амтай. Нийт хүн амын ихэнх нь уурхайд ажиллаж амьжиргаагаа залгуулдаг, уурхайгаас хамааралтай дүүрэг. Багануурын уурхайд одоо 1,000 гаруй ажилтан ажиллаж байгаа бөгөөд шинэ ТЭЗҮ-гээр 300 орчим ажилтан нэмэгдэнэ гэсэн байна. 

Өнгөрсөн жил 100 сая дахь тонн нүүрс олборлосон Монголын эрчим хүчний томоохон тоглогч уурхайн хамт олон ийн дараагийн 50 жилийн төлөвлөгөө, зорилтоо гаргаж, дэлхийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхах бодлогоо тодорхойллоо.

Д.Бэхээ

Эх сурвалж: Mongolian Economy.mn

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.