close
7 Шинэ мэдээ

Технологи

"Самсунг"-ийн сурталчилгааг амь оруулсан МОНГОЛ АЙЛ

Энэхүү бичлэгт жирийн монгол айлын ахуй, өдөр тутмын амьдралыг үзүүлжээ.

Нийтэлсэн: Ц.Гэрэлтуяа
12 сарын 26, Даваа гараг, 14:50 цагт

        Дэлхийн технологийн тэргүүлэгч "Самсунг"-ийн Их Британи дахь салбар Зул сарын баярын худалдааны сурталчилгааныхаа гол дүрээр жирийн монгол айлыг сонгожээ. 

Тодруулбал, тэд 360 градус бичлэг хийх зориулалттай "Gear 360" төхөөрөмжөөр нүүдэлчин монгол айлын гэрт дүрс авсан байна. 

Дөнгөж саяхан "Gear VR" төхөөрөмжийг туршаад ирсэн цэнхэр дээлтэй гэрийн эзэгтэй өөрт төрсөн сэтгэгдлээ хэлсэн нь бичлэгийг бүр амьд болгожээ. 

Түүнээс гадна бичлэгийг хөдөлгөж, гэрийн тааз, шал гээд бүх хэсгийг харж болдгоороо онцлог. Товчоор хэлэхэд, бичлэгийг үзэгч нь гэр дотор суугаад хүмүүсийн ярианд оролцож, монгол ахуй соёлыг дэргэдээс нь харсан мэт сэтгэгдэл төрүүлжээ. 

Түүнчлэн нүүдэлчин монголчуудын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон хонь хариулах үйлийг харуулсан байна. 

Сүргээ зугуухан тууж, исгэрсэн, улаан хацартай морьтой залуугаас гадна нүд алдам тэгш талын гоо үзэсгэлэнг дээрх бичлэгээс харж болно.  

Тэд мөн виртуал орчныг үүсгэж, кино зургийг үзэх боломжтой "Gear VR" төхөөрөмжийн сурталчилгаандаа монгол хүмүүсийг тоглуулсан байна. 

Мөн зүүн Африкийн Маасай омгийг сонгожээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёр өөр талд, суурин газраас алслагдмал амьдардаг хоёр бүлэг хүмүүст "Gear VR" технологийн хүчийг таниулсан аж. 

Өмнө нь хэзээ ч харж байгаагүй далайн давалгаа, шүхрийн спорт, галзуу хулгана тоглоомыг эдгээр хүмүүст харуулж чадсанаараа энэхүү төхөөрөмж онцлог. 

Харин ийм дүрслэлийг бодит мэт, өмнөө байгаа мэт харж чадсан тэдгээр хүмүүсийн сэтгэл хөдлөл сонирхолтой байлаа.  

"Самсунг" жилийн хамгийн өндөр борлуулалттай үеийнхээ сурталчилгаанд жирийн монгол малчин ахуйг сонгож авсан нь олон зүйлийг илэрхийлж байна. Манай дэлхийд хосгүй амьдралын хэв маяг, соёл, жуулчдыг татах нууц увидастайг харуулжээ. 

Нөгөө талаар, техник технологиос ангид нүүдэлчин хүмүүс "Gear 360", "Gear VR" төхөөрөмжийн ид шидийг үзээд хэрхэн баярлаж, хөөрч байгааг харуулснаараа маркетингийн давуу тал болсон нь мэдээж.


Самсунг шүүмжлэлд өртөв

Дээрх бичлэгүүд хүний сонирхлыг татсан ч шүүмжлэл хүртэлгүй үлдсэнгүй. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид:

"- Энэ сурталчилгаа таалагдсангүй. Уламжлалт амьдралын хэв маяг орчин үеийн болж хувьсах шаардлагагүй. Тэднийг барууны технологиор "балбаснаас" эдгээр хүмүүсийг соёлоос суралцаж болохуйц бичлэг хийсэн бол илүү сонирхолтой байх байлаа. 

- Эдгээр омгийг зүгээр орхи. Тэдэнд урт удаан хугацааны турш амьдралын хэв маягаа өөрчлөлгүй үлдсэн шалтгаан бий" зэрэг сэтгэгдэл үлдээсэн байна. 

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.