close
3 Шинэ мэдээ

Соёл урлаг

“Болор цом-2017” наадмыг Д.Нямсүрэнгийн нэрэмжит болгон Дорнод аймагт хийнэ

Энэ жилийн наадам хөдөө орон нутагт зохион байгуулж буй зургаа дахь нь ажээ.

Нийтэлсэн: VIEW
1 сарын 10, Мягмар гараг, 19:15 цагт

        МЗЭ-ийн Удирдах зөвлөл яруу найргийн “Болор цом 2017” наадмыг Дорнод аймагт хийх шийдвэр гарчээ.  

34 дэх удаагийн яруу найргийн наадмыг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар товложээ. Дорнод аймагт найргийн хур бууж буй энэ онд тус аймгаас төрсөн уянгын  яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Энэ жилийн наадам  хөдөө орон нутагт зохион байгуулж буй зургаа дахь нь ажээ.  

Анхны номоо 1985 онд “Хаврын урсгал” нэртэйгээр өлгийдөн авч байсан авьяаслаг найрагчийг “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээн авгайлдаг. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсний 70 жилийн ойтой давхцан буй “Болор цом” наадмын шалгаруулалт эхэлсэн. Шалгарсан 30-32 найрагч тун удахгүй Дорнод нутгийг зорино. Тэд нэгдүгээр сарын 28-ны өдөр аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа найраг шүлгээ уншиж уралдана. Яруу найраг, утга зохиол сонирхогчид төдийгүй монгол түмний оюун санааны наадам болон өргөжсөн “Болор цом” наадмыг анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилсан бөгөөд анхны наадмыг 1983 онд зохион байгуулж байсан түүхтэй. 

“Болор цом” наадам 33 удаа зохиогдоход хамгийн олон удаа Янжинлхамын эгшиглэнт найрагчаар тодорсон нь  Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол нар. Тэд тус бүр гурван удаа “Болор цом”-ын эзнээр тодорч байжээ. Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн найрагчид бол Цэндийн Чимэддорж /“Малчин”, “Элсэн тасархай” шүлгээр/, Төрийн соёрхолт зохиолч Дамбын Төрбат /“Сүү” “Ижий” шүлгээрээ/ нар аж. Бүсгүй найрагчдаас Ц.Хулан, Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Б. Лхамноржмаа нар “Болор цом”-ын эзэд болсон.  

Яруу найргийн наадамд хамгийн олон жил оролцож байж “Болор цом”-тон болсон найрагч бол Дамдинсүрэнгийн Урианхай. Тэрбээр тасралтгүй 19 жил найргийн наадамд оролцож байж  наадмын тэргүүн шагналын эзэн болсон билээ. Яруу найргийн наадамд оролцогчдын тоо жилээс жилд өсч, Өвөр Монгол, Хөх нуур мужаас яруу найрагчид шүлгээ ирүүлж шалгаруулалтад оролцдог боллоо. 

Ж.Батсайхан/МОНЦАМЭ

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.