close
7 Шинэ мэдээ

Нийтлэл

Тарнид итгэх үү, тархиндаа итгэх үү?

Хүн бүхэн өөртөө тохирсон сал урлах уу, эсвэл Монголчууд хэмээх хөлөг онгоцтой болох уу...

Нийтэлсэн: VIEW
11 сарын 20, Ням гараг, 18:00 цагт

        Цаг хэд болж байна? хэмээн асуухад Оросын яруу найрагч Осип Мандельштам: Өнө мөнх! гэж хариулсан байдаг. Гэвч ертөнцөд бүх юм өөрийн цаг хугацаатай. Уужуу тайван Монголчууд цаг хугацааны асар их үнэ цэнийг саяхнаас л мэдэрсэн. Гэхдээ мэдэрсэн гэдэг үгийг хашилтанд хийж ойлгоорой. Даяаршлын эрин үед дэлхий нийт техник техилогийн дэвшлийг даган асар хурдацтайгаар хөгжиж байна. Үр хүүхдээ үлгэрээр хүмүүжүүлж, уран зохиолын ном уншвал ухаантай хүн болно гэж сургаж байсан аав ээжүүд алдсан цаг хугацаандаа харамсаж эхэллээ. Үлгэр домог ярьж суух үед бидний мэдэхгүй газарт танихгүй хүмүүс хөгжлийн оньсыг тайлах гэж ухаанаа уралдуулж байсныг бид хожим нь мэдэв. Тэд мэдээж түрүүлжээ. Гэхдээ бид алдаагүй. Дэмий хямарч цаг хугацааг үрээгүй, үлгэрээ л ярин жаргаж суусан. Цаг нь ирэхэд даяаршлын давалгаанд Монгол улс өвөрмөц нэгэн долгио болон нэгдлээ. Үүнийг дагаад хөгжил дэвшил ч илт мэдрэгдээд ирэв. Харин далайн аялалд шуудрахад бидэнд завь хэрэгтэй боллоо. Хүн бүхэн өөртөө тохирсон сал урлах уу, эсвэл Монголчууд хэмээх хөлөг онгоцтой болох уу гэж тээнгэлзэж байтал чадалтай зарим нь завь олоод их далайд гарцгаалаа. Тэд ийнхүү түрүүлсэн ч хэзээ ямагт эргэн харж Монгол хэмээх нэгэн цул биетийг захгүй тэнгисийн мандлаас хайсаар байх болно. Тэднийг болон өөрсдийгөө аврахын тулд бид ч бас нэгийг бодохоос өөр аргагүйд хүрлээ. Гэвч нөгөө л монгол зангаараа тамын тогооноос хальж чадахгүй цаг алдсаар. Даяаршилд монгол зан хэрэггүйг бид яаж мэдэх вэ дээ. Ямар тэр даяаршил гээчийг санаачлагч нь ч биш. Ильичийн заасан замаар л социализмын гэрэлт ирээдүй өөд мацаж явсан юм чинь. Замаа алдчих гээд байвал намаа бараадаж заяа төөргөө ламдаа даатгаад адгах түгших юмгүй айван тайван амьдарч байлаа. Цөвүүн цаг ирэхэд нам нь ч лам нь ч хэрэг болсонгүй.

Одоо зөвхөн зөв сэтгэлгээнд, өөрөөр хэлбэл тархиндаа найдах л үлдлээ. Тарни уншиж явсан өдрүүд ард түүх болон үлдэнэ. Хойч үеийнхэн маань хошин драм үзээд биш түүхийн ном уншаад мушилзах байх. Тэдэндээ айдас түгшүүр биш инээмсэглэл бэлэглэж байгаа юм чинь санаа зовоод ч яахав. Харин одоо алдагдлын хязгаарыг тогтоох л үлдэв. Үүнийг зөвхөн эрх баригчид биш хувь хүн өөртөө тогтоох ёстой аж. Ингэсэн цагт улсын хөгжил цагийн урсгалыг сөрөн биетээр оршин тогтнодгийг өндөр хөгжсөн орнуудын түүх бэлхнээ нотолдог. Аливаа зүйл хэмжээ хязгаартай, өөрийн цаг хугацаатай байдгийг өмнө нэгэнтээ дурдсан. Хүн амьдралдаа алдаа хийхгүй байна гэж байхгүй. Гагцхүү алдаанд нь хязгаар хэрэгтэй. Тэрхүү хязгаарлалтыг өөртөө тогтоож сураагүй бол ахиц дэвшлийн тухай санах ч хэрэггүй гэдгийг нэрт сэтгэлзүйч Дейл Карнеги нэгэнтээ хэлсэн. Тэрээр үүнийхээ жишээ болгож Бенжамин Франклиний багын явдлыг уншигчдад дэлгэсэн юм. Долоохон настай жаалхүү шүгэлтэй болох юм сан гэж байдгаараа хүсэж дэлгүүрт очоод цуглуулсан бүх зоосоо лангуун дээр гаргаж тавьчихаад ямар үнэтэйг нь ч асуулгүй шүгэл авчээ. Мэдээж хүү шүгэлд илүү үнэ төлсөн байна.

Тэр АНУ-аас Францад суух Элчин сайд болчихоод байхдаа ч шүглэндээ илүү үнэ төлсөн тухай дурсаж шүглийн түүнд өгсөн баяр хөөрийг гутаасан юм хэмээн Карнеги харамсан бичжээ. Түүнийхээр бол Франклин хэдийгээр агуу амжилтад хүрсэн ч гэлээ шүгэлд төлсөн “үнэ”-дээ хязгаарлалт тавьж чадаагүйнхээ төлөө өөр олон гайхамшгаас хоцорсон ажээ. Нэг үгээр Франклин бидний мэддэгээс илүү агуу байж болох байжээ. Сэтгэл санааны амар тайвны агуу нууцуудын нэг бол аливаа зүйлийг зөв үнэлэх явдал бөгөөд өөрийн гэсэн алтан стандарт болох үнэт хэмжүүрийг олж чадвал сэтгэлийн зовлонгийн тавин хувиас салдаг ажээ. Тэгвэл бидний сэтгэлийг юу зовоож байна вэ? Өнөөдөр биднийг зовоож буй зүйл нь ядуу буурай Монгол орны маань бодит дүр ч биш, хөгжил рүү яарах адгуу хүсэл ч биш, зөвхөн сэтгэлийн зовиур аж. Энэ зовиуртаа хязгаар тавьсан тэр цагт л Монгол Улсын жинхэнэ хөгжил бидэн рүү нүүрээ харуулна гэдэгт би итгэдэг. Цаг урссаар, бид зовиурласаар л... 

Монголчуудын сэтгэлийн зовиур буюу алдагдлын хязгаар хаана дуусахыг ёстой цаг хугацаа л харуулах биз ээ.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.