close
2 Шинэ мэдээ

Анализ

"Сонголтгүй" сонгууль

2016 оны сонгууль хаяанд тулж, 12-хон хоног үлдлээ. Гэтэл сонгогчид хэнийг сонгохоо мэдэхгүй, эргэлзсэн байдалтай байна.

Нийтэлсэн: Д.Эрдэнэ
6 сарын 17, Баасан гараг, 13:22 цагт

        Хэнийг сонгох вэ?

Энэ асуултыг өөртөө тавих иргэд олон байна. Арга ч үгүй юм. Нийтээрээ хэдэнтээ итгэл хүлээлгэж ирсэн МАН, АН нь төр хэрхэн засаглаж, түмэн олныхоо амьдралыг яаж доройтуулсныг өнгөрсөн 26 жилд хангалттай харлаа.

Дэлхийд газрын баялгаараа толгой цохидог тусгаар тогтносон Монгол Улсын иргэд “Атар” талхаа таллаж авч байна. Ард түмний амьдрал ийм байхад өөр олон зүйл нурших ч хэрэггүй биз.

2016 оны сонгууль хаяанд тулж, 12-хон хоног үлдлээ. Гэтэл бид хэнийг сонгохоо мэдэхгүй, эргэлзсэн байдалтай байна.

АН уу, МАН уу, МАХН уу, бие даагч уу, эсвэл... Хэнд итгэл үзүүлэх вэ?

Сонголт НЭГ буюу МАН

1992, 1996, 2000, 2004, 2008 оны УИХ-ын сонгуульд одоогийн МАН буюу МАХН дийлэнх олон болж байв. Тус намын төр засагласан хугацаанд эх орны бүтээн байгуулалт төдийлөн гавьсангүй. Гэхдээ одоогийн эрх баригч АН шиг өөр хоорондоо хагаралдаж, өвөр түрийндээ жийлцэж байсангүй. Иймд эв эеийг эрхэмлэгч хөгшид энэ удаагийн сонгуульд МАН-аа сонгох сурагтай.


Сонголт ХОЁР буюу АН

АН 2012 оны сонгуульд 34 суудал авсан ч дангаараа засаг барих хэмжээнд хүрч чадаагүй. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан. Тус хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газрын хийсэн доривтой хэдэн ажил л нүдэнд торж байна.

Тэрбээр “Чингис”, “Самурай” бондоос босгосон хөрөнгийг дотоодын үйлдвэрүүдэд өгч, үйл ажиллагааг нь өргөтгөв. Нийслэлийн 33 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж, зуслан болон хот хөдөөг холбосон автозамуудыг сайжруулсан зэргийг нь дурдаж болохоор.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны “Гудамж төсөл хэрэгжүүлэх тухай” 46 дугаар тогтоол, “Бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 71 дүгээр тогтоол зэргийг баталсан. Харамсалтай АН-ын дотоод хагарал Н.Алтанхуяг сайдыг суудлаас нь буулгаж дөнгөсөн.

Гэхдээ АН-ын горьдлого тасрах болоогүй. Тус нам УИХ-ын сонгуульд уламжлал ёсоор Улаанбаатар хотоос гарах магадлал өндөр хэвээр. Учир нь залуусын сонголт АН-д талтай байна.


Сонголт ГУРАВ буюу МАХН

Сонголтгүй болсон энэ цаг үед орон нутагт МАХН ялах магадлал өндөр байгааг хэн хүнгүй ярих болов. Учир нь хөдөөгийн сонгогчдын боловсрол, мэдлэг дутмаг байгаа нь нөлөөлж байгаа сурагтай. МАХН-ын тухайд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас өөр тулах цэггүй боловч тэрбээр нэр дэвшигч бүрийнхээ тойргийн сурталчилгаанд “зочилж” байгаа нь орон нутгийнханы санаа бодол МАХН руу эргэхэд нөлөөлж байгаа аж.

Мөн намын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Тойрогтоо ч өндөр рейтингтэй байгаа гэнэ.


Сонголт ДӨРӨВ буюу бие даагчид

2016 оны УИХ-ын сонгуульд 69 бие даагч өрсөлдөж байна. Энд МУГЖ, дуучин С.Жавхлан, дуучин Нара, Бэки гээд урлаг соёлынхон цөөнгүй бий. Иймдээ ч олонд танигдсан төрхөөрөө УИХ-д гараад ирэхгүй гэх баталгаа байхгүй. Нара л гэхэд Банягол дүүрэгт рейтинг өндөр байгаа бөгөөд сонгуулийнх нь хандивын дансанд 15 сая төгрөг цугларчээ.

Түүнчлэн иргэдийн дунд намыг нь бус хүнийг нь сонгоно гэсэн хандлага их байгаа нь бие даагчдад боломж олгож буй хэрэг юм.

Сонгуулийн сунгаанд гарсан нэр дэвшигчдийн дүр зураг иймэрхүү байна. Харин эцсийн сонголт иргэд бидний гарт байгаа учраас өнөөдрөө биш маргаашаа харсан сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна. 

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.