close
7 Шинэ мэдээ

Анализ

Авдаг биш өгдөг оюутан болъё

МУИС-ийн Хуульзүйн сургуулийн төгсөгчид оюутан гэхээр л нэхдэг, авдаг, өөрт хэрэгцээтэйг шаарддаг нэгэн биш гэдгийг өчигдөр харууллаа.

Нийтэлсэн: Б.Болор
6 сарын 17, Баасан гараг, 10:40 цагт

        Оюутан гэхээр л зөвхөн юм нэхдэг, шаарддаг, хүсдэг хүмүүс гэж нийтээрээ ойлгодог жишиг тогтсон.

Нийтийн тээвэрт үнэгүй зорчих карт, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг гээд харж үзэх ямар л боломж бололцоо байна тэр бүхнийг оюутнуудад хувь, хувьсгал гэлтгүй өгч ирлээ.

Учир нь ирээдүйд эх орныг минь жолоодох иргэд нь тэд юм. Гэвч энэ бүх халамж бэлэнчлэх сэтгэлгээ суулгаж байгаа нь нууц биш.

Социализмын үед оюутнууд алс баруун хязгаараас 1,500 км замыг “Зил-130” машинаар сар шахам туулж байж Улаанбаатарт ирдэг байсан гэдэг. Өглөө бүр Хайлаастаас Зайсан хүртэл алхаж сургуульдаа очдог байсан гэнэ. Оюутан хүн сурахын төлөө ингэж их чармайдаг байжээ.

Гэтэл өнөөдрийн оюутнууд онгоцоор сүнгэнэж, орон сууцанд амьдраад, автобусанд үнэгүй зорчиж байна. Бас болоогүй эцэг эхийнхээ сарын цалингаас ч үнэтэй хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас барина. 

Судалгаанаас харахад нийт их, дээд сургууль төгсөгчдийн,

- 5 хувь нь үргэлжлүүлэн сурна, 

- 35 хувь нь ажиллана, 

- 60 хувь нь юу хийхээ төлөвлөөгүй байна гэжээ. 

Ингээд харахаар оюутнуудын дунд зорилго, тэмүүлэл сул байгаа нь харагдаж байгаа юм. Угтаа бол 20 хүрсэн залуучууд их сургуульд элсэн орохдоо л цаашид хэрхэн суралцах, ажиллах, юу хийхээ тодорхойлчихсон байх учиртайсан.

Миний мэдэхийн их сургуульд 10 жил сурч байгаа ч одоо хэрнэ төгсөөгүй оюутан байж л байна...

150 ОЮУТАН ДОЛООН САЯ ТӨГРӨГ ЦУГЛУУЛЖ ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧЭЭ

Харин одоо гэгээтэй талаас нь харъя. Ингэх шалтгаан ч байна. Учир нь МУИС-ийн Хуульзүйн сургуулийн төгсөгчид оюутан гэхээр л нэхдэг, авдаг өөрөөр хэлбэл, өөрт хэрэгцээтэйг шаарддаг нэгэн биш гэдгийг өчигдөр харууллаа.

Тэд хонхны баяр тэмдэглэх мөнгөөрөө төрөх эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж авч, II төрөхийн хамт олон гардуулсан юм. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн царайнд баярын оч гийж, талархаж байгаагаа оюутнуудад хэлж байв.

II төрөхт бэлэглэсэн тоног төхөөрөмж нь Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат бөгөөд нийт долоон сая төгрөгийн үнэтэй. Энэ мөнгийг цуглуулахын тулд МУИС-ийн Хуульзүйн сургуулийн 150 оюутан гар бие оролцжээ.

Эдгээр оюутнуудын санаачилсан хүмүүнлэгийн энэ ажил бусад оюутнуудад ч гэсэн үлгэр дуурайлал болж, цаашид хүрээгээ тэлэх нь гарцаагүй гэж итгэж байна.

Авдаг биш өгдөг оюутан болохын төлөө!!!

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.